Бригадын захирагчийн мэндчилгээ

Сайн байцгаана уу? Бидний үйл ажиллагаатай танилцахаар манай цахим ертөнцөд зочилсон Эрхэм таны амар амгаланг эрье.

Манай бригад Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай шилжин байрлаж, эрэн хайх аврах, нэрвэгдэгсэдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй. Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын үндсэн хүч хэрэгсэл юм.

Тус бригад 1967 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны шийдвэрээр Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй Төмөр замын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдсан. 1991 онд Зэвсэгт Хүчний 122 дугаар анги, 2005 оноос Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, 2018 оны Монгол Улсын Засгийн Газрын 114 дүгээр тогтоолоор Үндэсний аврах бригад  хэмээгдэж чиг үүрэг, хүч хэрэгслийн хувьд өргөжин, үүргээ нэр төртэй гүйцэтгэсээр ирлээ.

Монгол Улсын засгийн газрын 2006 оны 193 дугаар тогтоолоор Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 97 дугаар зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонт анги хэмээх эрхэм алдрыг хүртсэн.

Бид Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийг биелүүлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэшсэн аврах багтай болох, бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх, үүрэг гүйцэтгэх, бэлэн байдлыг хангах, аврагчдын амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Манай хамт олон 2017 онд ангийн түүхт 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр угтаж, цаашдаа олон ажлыг төлөвлөн эхлээд байна. Энэхүү завшааныг ашиглан тус бригадтай ажил, амьдралаа холбож, ард түмнийхээ сайн, сайхны төлөө амь, биеэ хайрлалгүй зүтгэн, ажиллаж байсан энэ цагийн эгэл баатар ахмад ажилтан та бүхэндээ эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөн мэндчилж байна.

Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход ард иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй тул иргэн таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах бидний ариун үйлсийг дэмжиж, аливаа гамшгийн эрсдэлээс сэргийлж, хохирол багатай даван туулж, айх аюулгүй, эвсэг, амгалан сайхан амьдарцгаая.

Тэнгэр нь цэлмэг
Газардалт нь зөөлөн
Ус нь тунгалаг
Урсгал нь намуун байг!

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА, ХУРАНДАА ГЕНЕРАЛ
С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ
ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАДЫН ЗАХИРАГЧ ДУМААГИЙН НАМСРАЙ

 

 

 


Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ