“JOINT SAREX-2018” зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/07/29 15:02

Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “SAREX-2018” тавдугаар сургуулилт 2018 оны 07 дугаар  сарын 22-27-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотын бүс нутагт боллоо.

Агаарын  хөлгийн ослын үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс хоёр улсын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 5 дахь  удаагаа зохион байгуулж байгаа юм. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д эхлүүлж түүнээс хойш 2 жил тутамд явагдаж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай зохион байгуулж байсан.

Сургуулилтад Монголын талаас Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцомоор ахлуулсан ажлын хэсэг, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга, хурандаа Г.Бат-Орших, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга хурандаа Б.Мандахгэрэл, Онцгой байдлын байдлын ерөнхий газрын харьяа Үндэний аврах бригадын  захирагч, хурандаа Д.Намсрай болон  Агаарын ажиллагааны салбарын 10 шүхэрчин-авраг, МИ-171Е нисдэг тэрэг, 4  нэгж техниктэйгээр оролцлоо.

ОХУ-ын талаас Агаарын тээврийн холбооны агентлаг болон анх удаа сибирийн нисэх сансрын Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны төв оролцож Сансрын хөлгийн буугч төхөөрөмжийг эрэн хайх, сансрын нисгэгч нарыг авран туслах сэдвээр сургалтыг зохион байгуулсан юм.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-д өндрөөр үнэлэгддэг энэхүү хөрш хоёр улсын хамтарсан сургуулилт өмнө нь уулархаг нутаг, ой мод, ус далай, элсэн цөлд агаарын тээврийг эрж хайх, нисгэгч болоод зорчигчдод эмнэлгийн анхны тусламж үзүүлж аврах сургуулилт хийж байсан бол энэ удаа сансарт хөөрсөн агаарын хөлөгт гэмтэл гарч эх дэлхий рүү буцсан буугч төхөөрөмжийг эрэн хайх, сансрын нисгэгч нарт тусламж үзүүлэх сургуулилтыг анх удаа зохион байгуулж, оролцогч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, бэлэн байдлыг шалгасан сургуулилт болов.

Сургуулилтад зочноор Монгол Улсын  анхны сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, ОХУ-ын сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, хошууч генерал Владимир Александрович Джанибеков, ОХУ-ын баатар, сансрын нисгэгч Котов.О.В нар хүрэлцэн ирснээс гадна Буриад Улсын төр захиргааны байгууллагын төлөөллүүд ач холбогдол өгч сургалтын явцтай танилцаж үйл ажиллагаанд оролцлоо.

Сургуулилтад Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч нар тав дахь удаагаа амжилттай оролцож, ур чадварын хувьд өндрөөр үнэлэгдлээ.


 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ