“Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт болж өндөрлөлөө.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/06/15 13:09

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр зохион байгуулдаг “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургууль Ховд аймагт болж өндөрлөлөө.
“Говийн чоно-2018” олон улсын сургалт, дасгал сургуульд Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгийн Онцгой комисс, Онцгой байдлын газруудын алба хаагчид, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албад, яам, агентлагийн төлөөлөл, АНУ-ын оролцогчдоос гадна Балба, ШриЛанка улсын төлөөлөл, Австрали, Канад, Франц улсын Элчин сайдын яамд, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 350 гаруй төлөөлөгч оролцсоноос Аврах тусгай ангийн 35 алба хамрагдлаа.
Аврах тусгай ангийн захирагчийн 2018 оны 05 дугаар сарын 24-ний А/40 дугаар тушаалаар дадлагажуулах, бэлэн байдлыг хангах зорилгоор “Говийн чоно-2018” Гамшгийн хор уршгийг арилгах Олон Улсын сургалт, бэлтгэлд 2018 оны05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Баруун бүсийн төв Ховд аймгийн Жаргалант сумын нутагт сургалт, бэлтгэл зохион байгуулж оролцсон.
Урсгал болон тогтоол уснаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтыг Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын захирагч, ахмад Т.Баяраа удирдан зохион байгуулж явуусан.
Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 28-аас 06 дугаар сарын 08 хооронд Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр “Шүүтийн тохой”-д ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Аврах анги, Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар, Завхан, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газруудаас 32 офицер ахлагч, АНУ-аас 3 сургагч багш, Мянгад, Дөргөн сумдаас 4 эмч,сувилагч хамрагдлаа.
Өндөр уулнаас эрэн хайх, аврах ажиллагааны сургалтын удирдагчаар Баруун бүсийн төв-Ховд аймгийн Булган сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Б.Батбилэг, аврах ажиллагааны сургалтын багшаар Аврах тусгйа ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Д.Батчулуун, ахлах ахлагч Ж.Баяртогтох бүлгийн дарга, ахлах дэслэгч А.Амгаланбаатар, эрэлч нохойн сургалтын багшаар ахлах дэслэгч Н.Отгонжаргал, эмнэлгийн анхны тусламжийн хичээлийн багшаар Дөргөн сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Д.Ахгүл нар хичээл сургуулийг зохион байгуулж явуусан.
Барилга байгууламжийн нурангинд эрэн хайх, аврах ажиллагааны батлагдсан хөтөлбөрийн дагуу давчуу орон зайнаас эрэн хайх, аврах онол дадлагын хэлбэрээр, хичээлүүдийн төлөвлөгөө гарган баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын даргаар батлуулан зохион байгуулсан.
Барилга байгууламжийн нурангид эрэн хайх, аврах ажиллагааны сургалтыг Үндэсний аврах бригадын Сургалт, соёл хүмүүжлийн албаны аврах ажиллагааны мэргэжилтэн, дэслэгч Г.Чинболд удирдан, давчуу орон зайд эрэн хайх, аврах ажиллагааны сургагч багш бэлтгэх сургалтыг мөн зохион байгуулж явуулсан. Сургагч багш бэлтгэх сургалтаар Аврах ажиллагааны багаж хэрэгсэлтэй ажиллах үүрэг зориулалт, багаж хэрэгслийн хүчин чадал, ажлын горим барьж ажиллах, барилга байгууламжаас нэрвэгдэгчийг зөөвөрлөх, “Могойн нүд” хайх дуран ашиглан эрэн хайх, нурсан барилга байгууламжид дээрээс буюу хажуугаас эрэн хайх, аврах ажиллагааны бүсэд тэмдэг тэмдэглэгээ хийх, гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргах зэрэг дунд шатны сургалтыг танхим болон дадлагаар явуулсан.
Сургалтын төгсгөлд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр барилга байгууламжид эрэн хайх, аврах ажиллагааны хичээлийн дагуу газар хөдлөлтийн үед хэрэгжүүлэх “суу, нуугд, хүлээ” гэсэн гурван зарчим мэддэг айл, мэддэггүй айлын ажиллагааг харуулж олон нийтэд таниулах, барилга байгууламжид хорт бодис, байгалийн хий алдагдсан тухай шалган тандалт хийх, эрэлч нохой ашиглан нурангид дарагдсан иргэнийг аварч гаргах, эрэлч нохойгоор эрэн хайх, нисгэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан агаарын тандалт хийж зам гарцыг тодорхойлох, нурсан барилга байгууламжид гарсан галыг богино хугацаанд унтрааж, утаа сорогч ашиглан барилгын дотор талд үүссэн утааг гадагшлуулах, барилгын 3, 4 дүгээр давхарт зам гарцгүй гацсан иргэнийг аврах олс ашиглан татлага татан өөртөө бэхлэн аврах, барилгад алдагдаж байгаа цэвэр бохир дулааны шугам хаах цахилгаан эрчим хүчийг таслах ажиллагаа хийж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх нэрвэгдэгсдийг зөөвөрлөх, барилгын хийцэд дарагдсан авто машинаас буцалтгүй нэрвэгдэгчийг гаргах ажиллагаануудыг дадлагаар хийж бататган үзүүлэх сургалт төлөвлөн зохион явууллаа.
Ирэх жилийн “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Дорноговь аймагт зохион байгуулахаар болсон байна

 

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ