Үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/06/20 16:25

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 114 дүгээр тогтоолоор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хангалт үйлчилгээний анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийг нэгтгэж 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ОХУ-ын Онцгой байдал, Иргэний хамгаалалтын яамны бүтцэд ажилладаг төв аврах бригад, БНСУ-ын Үндэсний аврах бригад-119 зэрэг ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Олон улсын байгууллагуудын жишгээр өөрийн улсдаа төдийгүй бүс нутаг, Олон улсад үүрэг гүйцэтгэх Үндэсний аврах бригад болон өргөжин шинэчлэгдэн зохион байгуулагдаж, Үндэсний аврах бригадын тугийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал гардуулан өглөө.
Үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслолын ажиллагааны үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хэлсэн үгэндээ: “Өнөөдрөөс эхлэн мэргэжлийн өндөр түвшин, ур чадвар, авхаалж самбаа, онцгой хариуцлага, үүргийг та бүхнээс урьд урьдынхаас илүү шаардах болно. Онцгой байдлын байгууллагын үндсэн бүрэлдэхүүн, бахархал болсон та бүхэн энэхүү хүндтэй үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж чадна гэдэгт итгэлтэй байна. Мандан бадрах мөнх тэнгэрийн бэлгэдэл хөх далбаан дээр тусгаар тогтнолын алтан соёмбо бүхий Үндэсний аврах бригадын оройн дээд сүлд байлдааны тугийг хүндэтгэн хүлээлгэн өгч байгаадаа миний бие туйлын их баяртай байна. Та бүхний хариуцлагатай бөгөөд бахархалтай, нэр хүндтэй их үйлсэд тань амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын иргэдийнхээ аюулгүй, аз жаргалтай амьдралын төлөө хамтдаа зүтгэцгээе ” хэмээн онцлон тэмдэглэсэн юм.


Мөн Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намрай хэлсэн үгэндээ: “Үндэсний аврах бригад болсноор зөвхөн нэр өөрчлөгдөж байгаа зүйл биш юм. Бидний өмнө маш том үүрэг, хариуцлага ирж байгаа гэдгийг бид гүнээ ухамсарлаж байгаа. Бид Монгол Улсынхаа өмнө хүлээсэн тангарагтаа үнэнч байж, төрийн үүргээ биелүүлж, та бүхнийхээ нэр алдрыг улам мандуулахын төлөө хичээж ажиллах болно. Монгол Улсын Онцгой байдлын алба, Үндэсний аврах бригад мандтугай УРА” хэмээлээ.


Үндэсний аврах бригадын тугийг гардуулах ёслолын ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй Онцгой байдлын ерөнхий газрын бусад удирдлагууд, алба хаагчид болон Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хангалт үйлчилгээний анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.
Монгол Улсад сүүлийн 10 жилд тохиолдсон 40 мянга гаруй аюулт үзэгдэл, ослын 60 гаруй хувьд Аврах тусгай анги, Уул уурхайн аврах анги, Хангалт үйлчилгээний ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Мөн энэ өдөр Онцгой байдлын албаны өдөр тохиож байгаа бөгөөд Онцгой байдлын албанд шинээр томилогдсон алба хаагчдаар Монгол цэргийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд нийт 130 гаруй алба хаагч хаагч оролцлоо.
Туг гардуулах торгон мөчид нарыг тойрон солонго татсан гайхамшигт явдал тохиолоо. Үүнийг бид машид билэгшээн хүлээн авлаа. Бид түүхийн шинэ хуудсыг хамтдаа эргүүлсэн азтай алба хаагчидаа...

 

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ