Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны дүн гарлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/05/28 10:59

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Батлан хамгаалахын яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах ”Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 4 дэх жилдээ зохион байгуулав. Энэхүү уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын оролцсон үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн-цэргийн бахархлын өдөр Чингисийн талбайд боллоо.

Уг арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав, “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын анги, байгууллагуудын алба хаагчид, “Хааны эрэлд-2016” олон улсын цэргийн хээрийн сургуульд оролцож байгаа таван тивийн 47 орны 100 гаруй офицер, нийслэлийн иргэд оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл энэхүү арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. “Монгол цэргийн жавхаа” уралдааныг хугацаат цэргийн алба хааж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө тангараг өргөн хичээл зүтгэл гаргаж суралцсан залуучууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. “Монгол цэргийн жавхаа - 2016” уралдаанд оролцсон Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагын албан хаагч, дайчид болон залуучуудыг эх оронч үзлээр хүмүүжүүлж, иргэний баттай суурийг бий болгож өгөхөд хүчин зүтгэл гаргаж, эх орныхоо аюулгүй байдлыг нүд цавчилгүй сахин хамгаалж байдаг Монгол Улсын Зэвсэгт хүчиндээ талархал илэрхийлье” гэлээ.

Энэ жилийн уралдаанд Зэвсэгт хүчний 24 анги, Хилийн цэргийн 4 анги, Онцгой байдлын нэг анги нийт 31 цэргийн байгууллага оролцлоо. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт 04 дүгээр сарын 11-23-ны хооронд явагдсан бөгөөд Аврах тусгай анги 04 дүгээр сарын 18-ны өдөр эхний шатны шалгаруулалтад оролцсон. Зэвсэгт хүчний 350, 084, 017, 150, 119, 029, Хилийн цэргийн 0164, 0252, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги тус тус шалгарсан. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт 05 дугаар сарын 20-нд болж өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэсэн.

 “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шилдгүүдээр дараах ангиуд шалгарлаа. Үүнд:   Тэргүүн байр - Хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтэй Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн хамт олон / “Тэргүүний тохижилттой, жагсаалч анги”  өргөмжлөл, орон сууц, ангийн эмнэлэгт  эмнэлгийн хэрэгсэл / 

Дэд байр - Хурандаа Д.Өлзийбаяр захирагчтэй Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хамт олон / “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл / 

Гутгаар байр - Хурандаа Д.Гантөмөр захирагчтэй Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн хамт олон / “Өргөмжлөл”, орон сууц, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл /   Тусгай байр - Хурандаа С.Болдбаатар захирагчтэй 150 дугаар ангийн хамт олон / “Өргөмжлөл”, 4 сая төгрөг, ангийн эмнэлэгт эмнэлгийн хэрэгсэл / -ээр тус тус шагнаж, урамшууллаа.

Аврах тусгай анги Монгол цэргийн жавхаа-2016 уралдааны тавдугаар байрт шалгарлаа.

Уралдаан анги, байгууллагын тохижилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, бие бялдрын стандарт, жагсаалч ажиллагаа, гадаад үзэмжийг дээшлүүлж, Зэвсэгт хүчин, бусад цэргийн ажиллагааг Нийслэлийн иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилготой юм.

Шалгуур үзүүлэлтийг цэргийн хотхоны тохижилт 50 хувь, биеийн тамирын материаллаг бааз, бие бялдрын стандартыг 30 хувь, цэргийн жагсаалын ажиллагааг 20 хувиар дүгнэлээ.

Цэргийн албан хаагчдын эрүүл, аюулгүй ажиллаж, амьдрах нөхцлийг өөрсдийнх нь боломж, бололцоон дээр тулгуурлан хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор уралдааныг зохион байгуулснаар сүүлийн 4 жилийн хугацаанд Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын тохижилт эрс сайжирч, тэнд алба хааж байгаа ажилтан, алба хаагчдын ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлсэн байна. Уралдаанд оролцож байгаа анги байгууллагууд 4 жилийн хугацаанд нийт 2.8 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийж орчин нөхцлөө дээшлүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ