Бид зөвхөн Монгол Улсын хэмжээнд бус олон улсын хэмжээний анги болохоор зорилго тавин ажиллаж байна

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/04/14 10:38

    АНГИЙН ЗАХИРАГЧ Д.Намсрай

 

  • 1967 онд төрсөн. Дээд боловсролтой. Техникийн ухааны магистр, Агаар десантын цэргийн команд,  ухуулагч, авто инженер, удирдлагын арга зүйч, Монгол Улсын шүхрийн спортын мастер

Төгссөн сургууль:

  • 1987-1992 онд ОХУ –ын Агаар десантын Цэргийн дээд сургууль
  • 1994 онд Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт
  • 2004, 2012 онд ХБНГУ, АНУ-ын Европын аюулгүй байдлыг судлах  Жорж Маршаллын нэрэмжит коллеж

Ажилласан байдал:

  •  1986-1993 онд МАА-ийн 084 дүгээр ангид тагнуулчин байлдагч, салааны захирагч
  • 1993-2004 онд УИХГ-т шүхрийн ахлах зааварлагч, сургалт хариуцсан офицер, байцаагч
  • 2004-2005 онд Гамшгаас хамгаалах ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид Галын шуурхай бүлгийн дарга
  • 2005-2007 онд Захирагчийн нэгдүгээр орлогч, Штабын дарга
  • 2007-2014 онд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга 
  • 2014-2015 онд Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын дарга
  • 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн захирагчаар томилогдон ажиллаж байна.
  • Төрийн албанд 30 жил ажиллаж байгаа.
  • Онцгой байдлын алба гэдэг энэ том айлын босгоор анх алхаж орсон үеэ дурсвал?

Манай “Аврагч” сонинг тухлан сонирхож буй уншигч таны энэ өдрийн амар амгаланг айлтгая! Миний бие тус албанд 23 дах жилдээ ажиллаж байна. Анх Онцгой байдлын алба тухайн үеийн Иргэний хамгаалалтын газарт ажиллах болсон шалтгаан бол миний мэргэжил юм. Иргэний хамгаалалтын газарт Байгалийн гамшигтай тэмцэх алба гэж байсан. Тус албаны дарга хурандаа Г.Чулуун, инженер дэд хурандаа Р.Нацагдорж нар надтай уулзаж манай албанд шүхэрчин-гал сөнөөгчдийг сургах, дадлагажуулах мэргэжлийн хүн хэрэгтэй байна. Бид өмнө нь дотроосоо томилдог байсан, одоо сургууль төгссөн мэргэжлийн хүнийг ажиллуулах  хэрэгтэй байна гэж урьсан. Тэр урилгыг нь би хүлээн авч, тухайн үедээ ажиллаж байсан ЗХ-ний 084 дүгээр ангийн салааны захирагчийн ажлаа өгч, Иргэний хамгаалалтын газрын Байгалийн гамшигтай тэмцэх албаны шүхрийн ахлах зааварлагч гэсэн албан тушаалд анх томилогдож байлаа. Тэр үеэс хойш өдгөө 23 жил өнгөрчээ.

  • Аврах тусгай ангитай хэдэн оноос хойш холбогдон ажиллаж байна вэ?

Тухайн үеийн 122 дугаар анги буюу өнөөдрийн Аврах тусгай анги бол Иргэний хамгаалалтын газрын харьяа анги байсан. Анги маань цэргийн алба талдаа Жанжин штабт, мэргэжлийн талдаа бол Иргэний хамгаалалтын газарт харьяалагддаг байсан. Миний бие тус ангийн хамгийн анхны шүхэрчин-аврагчдыг бэлтгэх, шалгалт авах зэрэг нилээдгүй ажлаар холбогддог байлаа. Тухайн үед ангийн захирагч хурандаа Ч.Намсрайжав ажиллаж байсан. Яг Аврах тусгай ангид ажиллаж эхэлсэн үе бол 2004 онд ХБНГУ-д сургууль төгсөж ирээд тус ангийн харьяа Галын тусгай бүлэг гэж тусдаа салбар байсан өнөөдрийн Агаарын ажиллагааны салбарын даргаар ирж ажиллаж байлаа. Энэ албан тушаалд нэг жил ажиллаад штабын даргаар дэвшсэн. Штабын даргаар 2 жил ажиллаад дараагийн ажилдаа албан тушаалд дэвшиж шилжсэн.

  • Тус ангийн үүрэг зориулалт, цаашдын чиг хандлагын талаарх таны бодол...?

Иргэний хамгаалалтын газрын үндсэн үүргийг биелүүлж байсан. Нэн ялангуяа 1990-д оноос хойш усчин-аврагч, химичин-аврагч гэх мэт олон үүргийг хэдийгээр 100 хүрэхгүй хүний бүрэлдэхүүнтэй байсан боловч амжилттай үүргээ гүйцэтгэж байсан. Гамшгаас хамгаалах хууль батлагдсанаас хойш нилээн өргөжиж эхэлсэн. Тухайн үедээ 318 хүний орон тоотой, дотроо нисэх баг, нохой сургагч болон төрөл мэргэжлийн аврагчтай том бүтэцтэй 2004 онд байгуулагдсан.

Яг өнөөдөр бол Аврах тусгай анги миний бодлоор үндсэн чиг үүргийнхээ дагуу үүрэг гүйцэтгэж байгаа. Би өмнөх ажлыг үгүйсгэхгүй гэхдээ өмнө нь нэг талдаа Жанжин Штабын ажлыг ч хийж, Иргэний хамгаалалтын газрын ажлыг ч хийх гээд 2 талд байсан. 2004 оноос хойш тус анги яг үндсэн үүргийн дагуу  ажиллаж байна.

Манай ангийн зориулалт энгийн үгээр хэлбэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол түүнээс үүдэлтэй  томорсон, тархсан өөрөөр хэлбэл орон нутаг болон бусад жижиг анги, салбарууд дийлэхгүй болсон тохиолдолд ажиллаж, голомтыг богино хугацаанд түргэн дарах зориулалттай. Гэхдээ манай анги олон төрлийн мэргэжилтэн ажилладаг, бүхий л гамшгийн голомтод ажиллах боломжтой гэдгээрээ хүндрэлтэй бөгөөд бахархалтай юм. Манай нэг аврагч л гэхэд 2-3 төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Үүнгийг арай цөөлөх, нэг мэргэжлийн дагуу мэргэшүүлж ажиллуулах шаардлагатай. Нэн ялангуяа Агаарын ажиллагааны салбар, Тусгай чиг үүргйн салбар маань олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг. Миний бодлоор Агаарын ажиллагааны салбарыг энэ ангиас тусдаа бие даасан анги болгох шаардлагатай. Яагаад гэвэл агаарын, нисэхийн мэргэжил бусад мэргэжлийн хамт удирдах нь хүндрэлтэй байдаг учраас тусдаа байх нь зөв юм. Тусгай чиг үүргийн салбарын хувьд хими, цацраг, тэсэрч дэлбэрэх бодисын бүлэгтэй байдаг. Тэсэрч дэлбэрэх бодисын бүлэг мөн салж салбар болох хэрэгтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эдгээр албан хаагчдын  мэргэших, үүрэг гүйцэтгэлт улам сайн болно гэж үзэж байгаа.Мөн манай анги Олон Улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэх салбартай болох, Олон Улсад тавигдсан шаардлагын дагуу чадварыг дээшлүүлэхэд зохион байгуулалттай цаашлаад бодлогын хувьд нилээдгүй зүйлсийг хийх хэрэгтэй байна.

  • Аврах тусгай ангийн цаашдын зорилтын талаар. 2020 он гэхэд ямар түвшинд байх бол?

Тус ангийн салбарын даргаас ангийн захирагч, Онцгой байдлын албанд алба хааснаараа ч тэр, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга байсан хүний хувьд ч тэр ангийн цаашдын зорилтыг тод томруунаар харж байгаа. Нэн түрүүнд хийх зүйл бол өнөөдрийн ажиллаж байгаа ангийн бүтцийг өөрчлөх хэрэгтэй. Зөвхөн Монгол оронд бус, Олон Улсад үүрэг гүйцэтгэх түвшний багтай болох шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Онцгой бадлын асуудал эрхэлсэн байгууллагын багаж хэрэгсэл сайжирч байгаа ч гэсэн энэ ангийн техник багаж хэрэгслийг тодорхой түвшинд хүргэж ажиллуулбал цаашдын зорилтоо хэрэгжүүлэхэд дөхөм болно. Бие даасан зөвхөн Монгол Улсын хэмжээнд төдийгүй Олон Улсын хэмжээний анги болох зорилтыг тавьж байгаа. Энэ асуудлыг зүгээр нэг өнгөц байдлаар бус жинхэнэ утгаараа аврагчид маань гадаад хэлний мэдлэгтэй, багаж ажиллуулж чаддаг, ямар ч нөхцөлд анги маань 100% бие дааж ажиллах түвшинд очих ёстой. Энэ нөхцлүүдийг бүрдүүлснээр манай анги 2020 он гэхэд зөвхөн Онцгой байдлын алба төдийгүй бусад цэргийн байгууллагуудын дунд хүчирхэгжсэн, өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх орчин үеийн чадварлаг анги болж чадна гэж үзэж байна.

  • Монгол цэргийн жавхаа-2016 уралдаанд Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагыг төлөөлөн Аврах тусгай анги оролцож байгаа билээ. Уралдааны шалгаруулалт ямар  үе шатаар явагдаж байгаа вэ? Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

Монгол цэргийн жавхаа уралдаанд манай анги хоёр дахь удаагаа оролцож байна. Тус уралдаан дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа юм

Энэхүү уралдааныг зохион байгуулж байгаа БХЯ, НЗДТГ, ЗХЖШтаб-т талархаж байна. Тэргүүний тохижилттой жагсаалч анги, байгууллага шалгаруулах тус уралдаан нь өөрөө маш их ач холбогдолтой.

Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой. Үүнийг ч гэсэн манай байгууллага дэмжиж байгаа. Өнгөрсөн жил бид оролцож чадаагүй. Яагаад гэвэл Монгол оронд хаваржилт хүндрэлтэй, хуурайшилт их байсан учраас ой, хээрийн түймэр маш их гарсан. Бие бүрэлдэхүүн маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, ажиллах шаардлагатай байсан учраас цаг үеийн байдлаас шалтгаалан татгалзсан. Энэ жилийн хувьд бид удирдамжаа гардан авсан. Эхний шатны шалгаруулалт 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл шалгаруулна. Манай ангийн хувьд  2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр шалгуулна. Бид өөрсдийнхөө хэмжээнд бүхий л нөөц бололцоогоо ашиглан ажиллаж байна. Нийт албан хаагчдын маань хичээл зүтгэл биднийг тодорхой амжилтанд хүргэнэ гэдэгт найдаж байна.

  • Монгол цэргийн жавхаа уралдаанд оролцсоноор Аврах тусгай анги, цаашлаад Онцгой байдлын албанд ач ямар холбогдолтой вэ?

Бид маш их ач холбогдол өгч байгаа. Манай Онцгой байдлын алба төрийн цэргийн байгууллагын хувьд цэргийн байгууллага болсон. Тийм учраас манай албан хаагчид цэргийн дүрмийг биелүүлэх, ажиллах, бусад зэвсэгт хүчин болон хилийн цэргийн байгууллагуудтай адил түвшинд бие бялдрын болон цэргийн албаны үнэлэмжийн хэмжээнд ижил болох шаардлага гарч байгаа. Тиймээс тус уралдааны дараа ОБАЭБ-ын хэмжээнд зөвхөн тохижилтоороо бус жагсаалч байдлаараа ч үлгэр жишээ цэрэгжилттэй анги болох болно.

  • Аврагч нарын нийгмийн асуудал дээр та хэрхэн анхаарлаа хандуулж байгаа вэ?

Ерөнхийдөө энэ асуудал их өргөн хүрээтэй асуудал. Орон сууц, аюулгүй амьдрах орчин гээд бүх зүйл хамаарагдана. Бидний нэн түрүүнд хийх ёстой зүйл бол аврагчдын цалингийн шатлалыг нэмэх асуудал байсан. Бид ОБЕГ-ын удирдлагуудтай ярилцаж цалингийн зэрэглэлийг нэмэгдүүлж чадсан нь манай аврагчдын амьдралд бага ч гэсэн нэмэр болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Албан хаагчид маань ихэвчлэн залуу хүмүүс байдаг. Тиймээс залуу гэр бүлийн орон сууцны асуудал болон төлөвшлийн асуудал дээр анхаарна гэж бодож байгаа. Аль болох албанаас баригдаж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулж албан хаагчидаа орон сууцжуулах, одоо амьдарч байгаа орон, байрных нь чанарыг дээшлүүлж, ая тухтай болгох тал дээр бүх боломжит арга хэмжээг авна гэж бодож байгаа. Мөн Тахилтад манай ангийн  хээрийн сургалтын талбай байдаг тэнд “Аврагч хотхон”-ыг байгуулж, хямд бөгөөд чанартай сууцтай болгох бодолтой байна. Зөвхөн энэ жил биш ойрын 2-3 жилдээ багтаан хийнэ гэж төлөвлөж байгаа. Удахгүй шав тавих, бүтээж босгох зэрэг ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

  • Ирэх онд тус ангийн түүхт 50 жилийн ой тохиох гэж байгаа билээ. Ойг угтаж ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

Манай анги 2017 онд түүхт 50 жилийн ойгоо угтана. 2007 онд тухайн үеийн улс төрийн байдал, мөн нисдэг тэрэгний золгүй ослоос шалтгаалан бид 40 жилийн ойгоо тэмдэглэж чадаагүй. Тиймээс бид бүхэн нэн ялангуяа ахмадууд маань 50 жилийн ойгоо сайхан тэмдэглэх ёстой гэж хүлээж байна. Бид бүхэн нилээд ач холбогдол өгч жилийн өмнөөс төлөвлөгөө гарган ажиллаж байна. Юуны өмнө ойн хүрээнд албан хаагчдынхаа ажиллах орчныг хамгийн таатай болгох, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хувьд ч, бусад анги, салбаруудад ч үлгэр жишээ анги болгоно гэж бодож байгаа. Мөн тус ангид алба хааж, ажиллаж байсан алдартнуудыг ангитайгаа холбох, ангиараа бахархах ажлуудыг хийнэ. Ойн хүрээнд олон төрлийн тэмцээн, уралдаан, урлаг уран сайхны ажлуудыг зохион байгуулна. Гэрэл зургийн цомог гарган түүх болгон үлдээхээр төлөвлөж байна. 2015 онд ойг угтаж судалгааны ажил нилээдгүй хийсэн. 2016 онд санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх ажлыг хийнэ. 2017 оны хувьд зөвхөн ойн арга хэмжээндээ бэлтгэх ажлыг хийнэ. Ерөнхийдөө энэ ангийн ой болоод өнгөрөх үед тус анги орчин үеийн тохижилттой, аврагчид маань ажиллах таатай орчин бүрдсэн анги болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна.

  • Ярилцлагын сүүлийн хормыг танд үлдээе...

Би Аврах тусгай анги, Онцгой байдлын албатай бүх амьдралаа холбон ажиллаж байгаа хүний хувьд залуучууддаа уриалмаар байна. Ангийнхаа энэ сайхан ойг бид хамтдаа тэмдэглэх ажлыг хийж үр дүнг нь харах хэрэгтэй. Манай ангид ажиллаж байсан ахмадууд маань биднийг зүй ёсоор дэмжих ёстой гэж үзэж байна.

Би өөрөө аливаа ажлыг чин сэтгэлээсээ хийхийг хүсдэг. Хэрвээ бид сэтгэлээсээ хандаад, бүгд нэг хүн шиг бодож, сэтгэж, сайтар төлөвлөөд хийвэл энэ бүх ажлын ард гарах боломж бидэнд бий. Ангийнхаа нийт албан хаагчид, тэдний гэр бүлийнхэнд захирагчийн зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа өнөөдрийн энэ их ажлын ард гарахад хамтран, дэмжин ажиллаж байгаад баярлалаа гэж хэлмээр байна.

Монгол цэргийн цог хийморь үүрд мандан бадрах болтугай!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ